Nov 18, 2010

Монгол улсын мөнгөний бодлого, түүний хэрэгжилт

Мөнгөний бодлого гэдэг нь Төвбанк өөрийн арга хэрэгслүүд дээрээ тулгуурлан мөнгөний тогтвортой байдлыг бий болгохыг зорихыг хэлнэ. Уг арга хэрэгслүүдэд:

- Хүүгийн суваг

- Валютын нөөцийн ихсэлт, багасалт

- Зайлшгүй байлгах нөөцийн норм

- Дүрмийн сан

- Төв банкны үнэт цаас зэрэг орно. Мөнгөний бодлогыг дотор нь 2 хуваана. Мөнгөний зөөлөн болон хатуу бодлого.

Мөнгөний зөөлөн бодлого гэдэг нь зах зээл дээр байгаа мөнгөний хэмжээг ихэсгэх үйл ажиллагааг хэлнэ. Үүнийг доорх арга замаар шийдэж болох юм.

- Суурь хүүг бууруулах

- Валютын нөөцийг багасгах

- Зайлшгүй байх нөөцийн нормыг бууруулах

- Дүрмийн сангийн хэмжээг бууруулах

- Төв банкны үнэт цаасаа эргүүлэн худалдаж авах зэргээр нөөцөнд байгаа мөнгийг зах зээл рүү гаргаж зах зээл дээрх мөнгөний хэмжээг нэмэгдүүлж болно.

Мөнгөний хатуу бодлого гэдэг нь зах зээл дээр байгаа мөнгөний хэмжээг багасгах үйл ажиллагааг хэлнэ. Үүнийг доорх арга замаар шийдэж болох юм.

- Суурь хүүг өсгөх

- Валютын нөөцийг ихэсгэх

- Зайлшгүй байх нөөцийн нормыг өсгөх

- Дүрмийн сангийн хэмжээг өсгөх

- Төв банкны үнэт цаасаа худалдах зэргээр зах зээлд байгаа мөнгийг нөөц рүү гээ татаж, зах зээл дээрх мөнгөний хэмжээг бууруулж болно.

Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр банк санхүүгийн зах зээлийн тогтолцоо бүрнээрээ өөрчлөгдөн, эрчимтэй хөгжиж эхэлсэн. Эхэн үед буруу өмч хувьчлал, санхүүгийн пирамид зэрэг хүчин зүйлээс болон олон банк дампуурч үүдээ барьсан. Харин энэ шуурганаар тэсэж үлдсэн банкууд одоо монголын санхүүгийн зах зээл жинхэнэ орон зайгаа нэгэнт эзэлжээ. Өнөөдрийн байдлаар монгол улсад 17 орчим банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, үүнээс “Анод” банкны үйл ажиллагаа доголдсоноос бусдаар зүгээр байна. Эхэн үед банкны тогтолцоо сайн хөгжөөгүйгээс манай улсад эргэлдэж буй мөнгөөс банк өөртөө татан төвлөрүүлж чадахгүй байлаа. Өөрөөр хэлбэл хүмүүс банкинд итгэх итгэл сул байсантай холбоотой байж болох юм. Харин өнөөдрийг хүртэл банкууд эрчимтэй өөрчлөлт шинэчлэлийг хийж ирснээр манай улсын эдийн засагт эргэлдэж буй мөнгөний тодорхой хэсгийг өөртөө төвлөрүүлэх болжээ. Үүний нэг жишээ нь 1990 онд монгол улсын зах зээл дээрх нийт мөнгөний 1 хүрэхтэй үгүйтэй хувийг банк өөртөө татан төвлөрүүлж байсан бол, 2007 оны байдлаар монгол улсын зах зээл дээрх нийт мөнгөний 20-иос илүү хувь нь банкинд байрших болжээ. Үүний нэг давуу тал нь Монголбанк банкуудаар дамжуулан мөнгөний бодлогыг явуулах боломж нөхцлийг олгож байгаа юм. Ийнхүү бодлого явуулснаар ард иргэдийн үйл хөдлөлд нөлөөлж, эдийн засгийг зөв тийш нь удирдан жолоодох зорилго биелэгдэнэ. Манай улсад банктай ямар нэгэн холбоогүй гэр бүл хараахан байхгүй байгаа билээ. Ийм нөхцөлд банкаар дамжуулан өөрийн зорилтод бодлогыг хэрэгжүүлэх нь хамгийн зөв арга зам болно. Жирийн иргэд лизингийн зээл, орон сууц, цахилгаан хэрэгсэл гээд өргөн хэрэглээний зээл, бизнесменүүд бичил бизнесийн зээл, жижиг дунд бизнесийн зээл гэх мэтээр өнөөдөр монгол улс нэгэнт аалзны тор адил банктай ямар нэгэн хэмжээгээр холбогджээ. Гэвч Монголбанк болон арилжааны банкууд аль аль талдаа энэхүү мөнгөний бодлогын үр ашигт байдлыг хангаж чадахгүй байгаа нь харагдаж байна. Үүний нэг баталгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад зээлийн хүү хэтэрхий өндөр, зээлийн барьцаа баталгаа зэрэг дарамт ихтэй байгаагаас шалтгаалан мөнгөний бодлогын сувгууд жигд сайн ажиллахгүй, аль нэг талдаа гацах бөглөрөх явдал ихээхэн гарах боллоо. Саяхан банкнуудын зээлийн дундаж хүү 1-2 хувь байснаас 3-4 хувь болтолоо өссөн. Харин монгол банк шийдвэр гаргаж суурь хүүгээ 14 хувь болгосон нь ахин энэ хүү өсөх шалтгаан болоод байна. Саяхан гарч ирсэн улсын их хурлын уриа болох 40000 айлын орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж, засгийн газар, банкууд сайн дэмжиж өгсөнөөр барилгын компаниуд өвөл зуныг үл хайхран бараг л сарын дотор нэг хорооллуудыг бий болгож байлаа. Бид ч их баяртай байсан. Гэтэл инфляци гэдэг гайнаас болж монгол банк зээлээ хязгаарлахыг банкуудад даалгаж, долларын ханшны өсөлтөөс болж суурь хүүгээ 14 хувь болтлоо өсгөсөн нь нэмэр дээр нэрмээс боллоо. Үүнээс шалтгаалж зээлийн хүү өсөх, зээлийн хэмжээ буурах болов. Иймээс хичнээн орон сууцны эрэлт, бас нийлүүлэлт байгаад эрэлтийг хангах хөрөнгө байхгүй учир барилгын салбар маш хэцүү түгжрэлд орлоо. Юун нөгөө ард иргэдээ орон сууцжуулах манатай болоод байна. Ийм төрийн бодлоготой харшилсан монголбанкны мөнгөний бодлогын зөв бурууг дүгнэх хэрэгтэй боллоо шүү дээ.

Олон улс хооронд худалдаа наймаа хөгжсөнөөр улс орны мөнгөний үнэ цэнэ өдөр өдрөөр сэргэсээр байна. Сүүлийн үед монгол улсад хамгийн халуухан сэдвийн нэг болоод байгаа долларын ханшны тухай өгүүлье. Ноён ногоон долларыг ашигладаггүй улс үндэстэн, нөөцөндөө байлгадаггүй Төвбанк гэж байхгүй. Эндээс доллар ямар хүчтэйг, түүний эзэн болох Америкийн нэгдсэн улс үүнээс илүү хүчтэй нь ойлгогдож байгаа байх. Үүнээс улбаалан америкийн нэгдсэн улсын банк санхүүгийн салбар уналтанд орсноор эдийн засаг нь бүхэлдээ унаж, дэлхийн ихэнх улс орнууд энэ хямралын шуурганд өртөгдлөө. Үүний шинж тэмдэг нь ихэнх салбаруудыг борлуулалт буюу бараа эргэлт удааширж, ажилчдаа халах, ажлын цагаа богиносгох үүнээс улбаалаад цалингаа багасгаж эхэллээ. Энэ байдалд монгол маш их хүндээр туслаа. Үүний жишээ нь хятадуудыг хэлэлтгүй монголчууд бид дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьжиргаагаа залгуудаг улс. Гэтэл энэ хямралын давалгаанаас болж, ялангуяа солонгос, япон, чех зэрэг улсуудад ажилладаг монголчууд маань халагдаж нутаг буцах болов. Дээр нь нэрмээс болж гол металл болох зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом унав. Үүнээс шалтгаалан гадаадаас дотоод руу валют урсгах гол эх үүсвэрүүд алга болсоноор манай улс валютын хомсдолд орж эхэллээ. Ноён долларын үнэ 2-3-хан сарын дотор бараг л 50 хувиар нэмэгдэж орхилоо. Сүүлийн мэдээгээр долларын албан ханш 1670 орчим төгрөг, албан бус ханш 1720 аль хэдийн гарсан байна. Манай улсын ханшийн хувьд бусад валют доллараас уяатай байдгийг хувьд дагаж өссөөр байна. Ядаж байхад Монголбанк энэ өсөлтийг ямар нэгэн оновчтой бодлогогүйгээр өөрийн 900 орчим сая долларын нөөцийнхөө хагасыг зүгээр л зах зээл рүү гаргаж орхив. Энэ нь зах зээл дээр долларын ханшний өсөлтийг хязгаарлаж чадалгүй, далайг дусал ус орох адил зах зээлд зүгээр л уусаж орхив. Одоо монгол банкинд 500 орчим сая доллар байгаа гэх. Одоо монголбанк яах учраа олохгүй мухардалд ороод байна. Арга ядахдаа мөнгөний бодлогын нэг арга хэрэгсэл болох суурь хүүгийн түвшингээ 14 хувь хүртэл өсгөлөө шүү дээ. Энэ утгагүй байдлаас болж зээлийн хүү асар ихээр нэмэгдэх нь ойлгомжтой. Монголбанкны энэхүү баримталж буй мөнгөний бодлого нь зөвхөн нэг талыг барьсан, ганц зорилгыг хангахыг зорьсон нь үнэхээр харамсалтай. Уул аливаа бодлогын үр дүнг урьдчилан харж, нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллүүдийг тооцдог байх нь зүй юм. Гэвч монголбанк нөхцөл байдлыг урьдчилан харж чадалгүй, өнгөрсөн хойно нь гал унтраах арга хэмжээ авч байгаа нь үнэхээр аргаа барсан зүйл гэлтэй. Миний бодлоор бол өнөөдөр мөнгөний бодлогын хэрэгжилт бол асар сайн, хурдацтай байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Харин авч хэрэгжүүлж буй, зорьж буй бодлого, тавьсан зорилго нь буруу байгаад л учир байна шүү дээ. Мөн засгийн газраас явуулж буй сангийн бодлоготой Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлого нь ямагт зөрчилддөг нь бас асуудал үүсгэж байна. Монголбанкнаас тайлбарлахдаа манай мөнгөний бодлоготой засгийн газар үргэлж сөргөлдсөн бодлого явуулдаг гэх. Гэвч үнэн хэрэгтээ статусынхаа хувьд аваад үзвэл засгийн газар биш Монголбанк өөрийн бодлогоо сангийн бодлоготой уялдуулах ёстой баймаар юм. Энэ мэт олон зөрчил монголбанкинд илрээд байгаа нь өдөр болгон телевиз, радио, сонин сэтгүүлийн гол мэдээ болоод байгаагаас тодорхой. Хэрэв монгол банк цаашид энэ алдаа дутагдлаа засаж, зөв бодлого барихыг хүсвэл, дараах зүйлст анхаарал хандуулбал зохистой мэт санагдана:

- Зорилгоо зөв тодорхойлох

- Явуулж буй мөнгөний бодлого нь макро эдийн засгийн гол гол үзүүлэлтэнд хэрхэн нөлөөлөхийг судлах

- Мөнгөний бодлогоо сангийн бодлоготой уялдуулан, дэмжсэн байдлаар явуулах

Эдийн засгийн төлөв байдлыг урьдчилан харж, түүнд тохирсон арга хэрэгслийг сонгон, авч хэрэгжүүлэх гэх мэт зүйлс байна. Дээр дурьдсан зүйл болон цааш нь дэлгэрүүлэн хийж, Монголбанк эдгээр зарчмыг мөрдлөгө болгон ажиллах юм бол од болж гялалздаггүй юмаа гэхэд олон хүнд чичлүүлэхгүй, сонин, сэтгүүл, телевиз радиогийн мэдээний зугаа болохгүй гэдгийг баталж байна.