Дурсгалт газрын дундуур зүүн хойш чиглэсэн гол их нуруу хоёр Тамирын усны хагалбар болох бөгөөд энд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзах, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруу, зүүн өмнө орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт (1940м) боржин хадат уул, Малгай (2143 м) зэрэг өндөр уултай.Булган уулын зүүн хормойд орших Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий.
Булган уул ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг тул тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургана. Энд гүзээлзгэнэ, хад тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамал ургана. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гонид зэрэг хүнсэнд хэрэглэгддэг ургамалтай. Булган ууланд Хангайн бусад нутгийн нэгэн адил хар мод, хуш зэрэг шилмүүст мод хус улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модтой. Булган уул хүн ам олонтой. Үймээн шуугиан ихтэй хотын яг дэргэд, нэн ойрхон орших учир ан амьтан дүрвэн зайлдаг. Буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен, солонго, үнэг, чоно, чандага, туулай, агнуурын шувуунаас хур, сойр, ятуу, хөтүүг, жигүүртнээс харцага, бүргэд, ууль, шар шувуу, алаг шаазгай, хон хэрээ, тагтаа зэрэг ан амьтан жигүүртэн шувуудтай.
No comments:
Post a Comment