Nov 18, 2010

Монгол улсын эдийн засгийн өсөлт, цаашдын чиг хандлага

Эдийн засгийн өсөлт нь бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэх эдийн засгийн чадавхийн өсөлтийг хэлнэ. Бодит байдалд эдийн засгийн өсөлтийг ДНБ-ний өсөлтөөр төлөөлүүлэн ойлгодог.

Эдийн засгийн өсөлтийг тооцох, мөн удирдах, төлөвлөх ажил нь маш чухал. Монгол улс нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд орж, нэг эдийн засгийн тогтолцооноос нөгөө эдийн засгийн тогтолцоо руу шилжсэн явдал нь манай орны эдийн засаг, нийгмийн хувьд маш чухал нөлөөтэй байлаа. Нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу хувцас солихтой адил маш хурдан шилжихийг оролдсон нь хэвийн ажиллаж байсан газруудын үйл ажиллагааг доголдуулж эдийн засгийг нэг хэсэг, өөрөөр хэлбэл 1994 он хүртэл бараан сүүдэр дор оруулсан. Манай улс 1990-1993 онуудад эдийн засаг уналтанд байсан юм. Харин 1994 оноос нийгэм, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа тогтворжиж, хэвийн байдалдаа орсон бөгөөд, үүнээс шалтгаалан эдийн засгийн өсөлт бий болж эхэлсэн юм. Манай улс 1994 оноос ийнхүү сэргэж эхэлж байсан дөнгөж эхлэл байлаа. 2004 онд монгол улсын эдийн засгийн өсөлт дээд цэгтээ хүрч 10,6 хувьд хүрлээ. Энэ бол сайхан мэдээ. Гэтэл энэ өсөлтийн учир шалтгаан юу вэ? гэдгийг хэн ч анхаарч үзсэнгүй. Үнэн хэрэг дээрээ монгол улсыг хөдөлгөгч хүч нь татварын орлого, алт, зэсийн орлого болсон байлаа. Мөн монгол улсын гадаад харилцаа сайжирч, гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх, зээл тусламж авах болж монгол улс санхүүгийн хөрөнгө босгох боломж нөхцөл бүрдэж ирсэн юм. Ийм байдлаар монгол улс өнөөг хүртэл их сайхан эдийн засгийн өсөлт нь үргэлж өндөр гаран, бүгд энэхүү хөрөнгөөс хуваалцахыг хүсэж санал бодлоо илэрхийлэх болов. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг хэн ч тооцоолсонгүй (мөнхөд ийм байх юм шиг). Энэ их хөрөнгө зөв зүйлд зарцуулагдаагүй, тухайлбал уул уурхай, барилга, халамж зэрэг зарцуулагдснаар болж монгол улс дэлхийн зах зээлээс хараат болж, эдийн засгийн өсөлт уул уурхайн бүтээгдэхүүний үнийн дагуу хөдөлдөг болжээ. Ялангуяа 2007, 2008 оны алт зэсийн үнийн өсөлтийн орлогыг зарцуулалтыг хяналгүйгээр ямагт ийм орлого олох юм шиг сэтгэн, бүх орлогоо тэр жилээ цацаж орхисон. 2008 оны сүүлчээр хямралын дохио өгч алт, зэсийн үнэ унаснаар монгол улс байтугай, дэлхийн эдийн засаг хүнд байдалд орлоо. Хямралд эрт өртсөн ба хямралыг эхлүүлсэн АНУ-ын эдийн засгийн уналттай гарах төлөвтэй байгаа(12-14 хувь) бөгөөд харин монгол улс дахь эдийн засгийн хямралын үр дүн 2009 оны сүүлээр тооцоологдон гарах ойлгомжтой. Ингэж үзэхээр монгол улс 2003 оноос голланд өвчний халдвар авч, 2006 оноос уг өвчин нь маш хүндэрсэн улс болоод байна. Одоогийн байдлаар эрдэнэт үйлдвэр манай улсын саалийн үнээ болоод байгаа бөгөөд удахгүй ашиглалтанд орох төлөвтэй байгаа оюутолгой, тавантолгойн ордууд энэ дээр нэмэгдэх нь мэдээж. Эрдэнэт үйлдвэрийн хувьд авилга, халамж хэт газар авсан, үйлдвэрийн ажиллагсад хэт даварсан байдалтай байгаа нь бодит байдал юм. Жирийн ажиллагсад нь 1 сая төгрөгөөс доош цалин авдаггүй ба урамшуулал гэж сая саяаар нь цацах нь юуных вэ? Төрийн байгууллага гэхээр ийм бохир, хүнд сурталтай байдаг нь бүр нэг зан заншил шиг болжээ. Хэрэв эрдэнэт үйлдвэр хувийн өмчийнх байсан бол дарга нь ингэж давараахгүй байсан болов уу. Үүнээс үзвэл манай улсын засгийн газрын хяналт сул байгаа нь илт юм. Эрдэнэт үйлдвэрт ажиллагсадтай адилхан хөдөлмөр эрхэлдэг мөртлөө дор хаяж 2 дахин бага цалин авдаг газар байх. Энэ нь тэр байгууллагын ажиллагсадын цалин бага байна уу, харин эрдэнэт үйлдвэрийн ажиллагсадын цалин өндөр байна бүү мэд.

Өнөөдөр засгийн газрын гол орлого нь татвар гэдэг нүцгэн үнэн. Иймд татварын зөв бодлого авч хэрэгжүүлэх нь чухал. Гэтэл эрдэнэт мэтийн үйл ажиллагааны хувьд эрсдэлтэй газар найдаж, өнөө маргаашийг аргацааж байгааг нуух юун. Монгол улсад эдгээрээс илүү хөдөө аж ахуй эдийн засгийг урагш нь хөдөлгөгч хүч гэдэгтэй маргалдах хүн олон. Мал аж ахуй нь байгаль цаг уураас ихээхэн хамааралтай, хоцрогдсон бүтээмжгүй салбар гэдгийг бараг хотын хүн болгон цохон тэмдэглэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ мал, хөдөө аж ахуй шиг өгөөжтэй салбар монгол үгүй. Үүнийг нэг мянгат малчин, тэргүүний тариаланчдын амьдралаас харж болно. Гэтэл мал маллах туршлагагүй, тариалан тариалах чадваргүй хүмүүс энэ салбарт орж шатсанаас болж энэхүү салбарын нэр хүнд огцом унаж байна. Мэдээж энэ салбарын үр дүн урт хугацаанд гардаг нь нэр хүндэд нь нөлөөлж байж болох юм. Хотын хүн ам, ялангуяа залуусын дунд богино хугацаанд цөм ашиг хийх гэсэн санаа эргэлддэгийг үгүйсгэхгүй. Гэтэл энэ нь маш эрсдэл ихтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир хувь хүн бол яахав гэтэл энд нийт улс орны эдийн засгийн тухай яригдаж байгаа болохоор асар хүндрэлтэй байдаг. Дараагийн зүйл бол хөрөнгө оруулалт.

Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт 3-нхан зүйл зарцуулагдаж байна. Барилгажилт, олборлох үйлдвэр, худалдаа зэрэгт шүү дээ. Барилгажилтын хувьд аваад үзэхэд манай улсын хувьд орон сууцны эрэлт байгаа боловч баригдаж буй барилгын үнэ хэтэрхий өндөр (1м2 800-1500$) бүр галзууртлаа өсч байна. Энэ байдлаас болж барилга барих ашигтай мэтээр ойлгогдож, манай улаанбаатар хотод сүүлийн 2-3 жил барилга барих явдал эрчимжсэн. Гэвч ийм өндөр үнэтэй, мөн долларын ханш өндөр болон маш хэлбэлзэлтэй байгаа нөхцөлд худалдан авах хүнгүй болсноор барилгын салбар үндсэндээ гацаанд оржээ. Одоо уг салбарт хөрөнгө оруулалт хийгээд ашиггүй, барилгын компаниуд зээлээ хэрхэн дарах вэ?, барьсан орон сууцаа хэрхэн борлуулах вэ? гэсэн асуудлаар толгойгоо гашилгаж сууна. Үүн дээр нэмэгдээд монгол банкнаас зээлийн хүүг өсгөж (14%), зээлд хязгаарлалт хийснээр байдал улам бүр дордов. Олборлох үйлдвэрийн хувьд өмнө өгсөн лицензтэй компаниуд төлөвлөсөн ашиглалтаа хэд дахин давуулж одоо бүр зарим нь тухайлбал “Бороогоулд” компани нөөцөө дуусаад үүдээ хаан, ажилчдаа халлаа шүү дээ. Харин одоо болон ирээдүйд өгөх лицензүүдийн үр дүн хамгийн багаар бодоход 15 жилийн дараа ашгаа өгөхөөр байгаа үнэхээр аймшигтай. Засгийн газрын хувьд өөрийн хувийг урьдчилан авахыг зорьж байгаа боловч тийм тэнэг хүн хараахан байхгүй байх л даа. Харин дараагийн зүйл бол жижиглэн буюу лангууны худалдаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэний дараахан хүмүүс ганзагын наймаанд нугасгүй болж, нэг айлаас дор хаяж нэг нь энэ зүйлийг хийдэг байсан нь аргагүй үнэн. Харин өнөөдөр гэр бүлийн гишүүн биш бүр гэр бүлээрээ энэ бизнест хөл тавьсан нь цөөнгүй. Өнөөдөр бидний олон улсын худалдааны төв гээд байгаа хар хорин, наран туул, эмээлт, хүчитшонхор, бөмбөгөр зэрэг захуудад олон мянган хүн орлого олохын тулд түүний цаана хэдэн арван мянга бүр цаашилбал хэдэн зуун мянган хүн хоолоо олж идэж байна. Энэ нь өнөөдөр эдийн засгийг өсгөгч нэг хүчин зүйл, засгийн газрыг санхүүжүүлэгч нэг томоохон хөрөнгө гэдэг нь яах аргагүй үнэн. Томоохон бизнесмэн, улс төрчид энэхүү газраас л үйл ажиллагаагаа эхэлж байснаа бардамнан ярих нь олонтой. Гэтэл 2008 оны сүүлчээр нарантуул, хархорин зэрэг томоохон захуудын бараа эргэлт удааширж дунджаар 7 хоногт нэг бараа эргэлт хийдэг байсан бол 14 хоног болж бүр цаашлаад сардаа нэг бараа эргэлт хийвэл азтайд тооцогдох болжээ. Үүнээс болж түрээслэгчид өдрийнхөө түрээсийн төлбөрийг унагаж байвал болоо гэсэн ойлголтой болжээ. Харин тэд энэ ажлаа хийхгүй бол өөр юу хийх билээ. Учир эдгээр хүмүүсийн ихэнх нь энэ наймааг хийгээд удаж байгаа бөгөөд, боловсрол бага, мэдлэг чадвар муу зэрэг нь энэ байдалд хүргэж байна. Яваа яваандаа бүх захуудын үйл ажиллагаа зогсох төлөвтэй байгаа бөгөөд саяхан цагаан сарын амралт хэмээн наран туул зах 21 хоног амарч байгаа нь үүний нэг гэрч гэлтэй. Ийнхүү эдийн засгийг хөдөлгөгч гол хүчнүүд, хөрөнгө оруулалтыг гол татсан газруудын үйл ажиллагаа зогсож, гацаанд орох юм бол манай орны эдийн засгийн өсөлт 2009 оноос эхлээд зогсож, бүр уналтанд орох болчихоод байна. Ядаж байхад төр өөрийн зардлаа хумиад эхэллээ. Үүнтэйгээ адилаар бидэнд дарамт болоод байгаа орлогоо бас бууруулбал сайнсан.

Ийнхүү эдийн засаг мөнгөгүйжээд ирэх үед бид яах ёстой вэ? үүнийг мэдээж засгийн газар, ард иргэд, бизнесмэнүүд аль хэдийн бодоод олчихсон нь ойлгомжтой. Тэр нь зээл. Засгийн газар дэлхийн банк, олон улсын валютын сангаас зээл, тусламж хүссэн боловч эдгээр байгууллагаас гаргасан шаардлагуудыг хангаж чадаагүй учир зээл олгохоос эрс татгалзжээ. Одоо харин засгийн газар өөрийн зардлаа танах шийдвэрт хүрлээ. Энэ нь төсвийн байгууллагын ажиллагсад, төрийн халамжийг хүртдэг хүмүүст маш хүндээр тусах нь ойлгомжтой. Ард иргэдийн хувьд банкнаас зээл авах нь хүү өндөртэй, зээлийн хязгаарлалт ихтэй байгаагаас энэ боломж хаалттай болсон байна. Бизнесменүүдийн хувьд гадаадаас зээл авах, хөрөнгө оруулалт татах ямар ч боломжгүй болчихсон. Учир бизнес нь ашиг муутай, цаашид ашиг нь буурах төлөвтэй, эрсдэл ихтэй нь ил байгаа учраас зээл өгч өөрийгөө асар өндөр эрсдэл оруулах газар гарахгүй болов уу. Дотоодоос зээл авах маш олон бичиг баримт, баталгааг шаардах, хүү хэт өндөр зээлийн хэмжээ бага зэргээс болоод бизнесийн үйл ажиллагаа дампуурал зарлахад ойрхон болоод байна. Ийм хүнд байдалд орсон биднийг одоо мөхөл рүү гээ яваж байгаа гэхэд эргэлзэх зүйл алга. Монгол хүн амны бэлгээс ашдын бэлэг гэдэг гэхдээ л сайн сайхан яриад суугаад байх юм бол нүдэн дээр минь эх орон ядуурч, хоосрох гээд байгааг харна гэдэг монгол хүний сэтгэл зүрхэнд төрөх хамгийн муухай айдсын нэг гэдгийн ойлгох хэрэгтэй. Эдийн засгийг хөдөлгөгч хүч болсон салбарууд маань яагаад ийм хүнд байдалд орчихов гэж монгол хүн бүр толгойгоо гашилган бодож, үүнээс гарах арга зам, боломжийг судалж үзээсэй гэж хүсэж байна. Миний бодлоор монгол улс хэтэрхий цөөхөн салбарт төвлөрч, түүний дээрээ тогтон, найдвар тавьж, төр нь сангийн бодлогоо буруу явуулж, халамжийг хэт хавтгайруулах, баялаг бүтээх үйл ажиллагааг дэмжээгүй, оновчтойг бус хүртээмжтэйг эрэлхийлсэн бодлого баримталсан буруутай. Монгол банк нь инфляцийг дарах гэж хэт улайрснаас болж, хүн амын амьжиргааны гол эх үүсвэрүүдийн нэг зээлийн үнийг тэнгэрт хадаасан, бизнесийн эргэлтийг удаашруулсан зэрэг буруутай. Бизнесменүүд үйл ажиллагааныхаа эрсдлийг үл тооцон, ашигтай гэсэн салбарт хөрөнгө хаяж хэт төвлөрөлийг бий болгосон, хуйвалдах, хуурах, өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагаанд саад учруулах зэргээр хэрэглэгч болон өрсөлдөгчдийнхөө эрх ашгийг хохироосон буруутай. Ард иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэдэг мөртлөө худалдан авалт хийхдээ гадаадын бүтээгдэхүүнийг сонгодог, ийм юм, тийм юм хиймээр байна гэж хэлж ярьдаг мөртлөө ямар ч төлөвлөгөө, төсөл байхгүй хэрэгжүүлэхийг зорьдоггүй, эцсийн үзэх зориг байхгүй буруутай.

Хэрэв монгол улсад нүдээ аниад хэн нэгэн мөнгөн туслалцаа үзүүлэх эсвэл бид өөрсдийн ордуудаасаа ирэх ашгийг авах хүртлээ тэсэж чадвал монгол улс аврагдах байх гэж бодож байна даа.

No comments: